Л.Энх-Амгалан: 40 хүрэхгүй оюутантай, подвальд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуультай байж болохгүй
НийгэмБоловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Энэ хичээлийн жилд 21 дээд боловсролын байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа аж.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
- Өнгөрсөн 1.4 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас дээд боловсролын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хоёр тогтоол гаргасан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 147 мянган оюутан 88 их, дээд сургуульд суралцаж байна. Үүнээс 14 их, дээд сургуульд 108,000 оюутан суралцаж байна. Тиймээс цаашид шаардлага хангасан их, дээд сургуулиудтай байхад чиглэнэ. Учир нь манай их дээд сургуулиуд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлттэй уялдаггүй. Төгсөгчид нь ажилгүй болдог зовлон бий.
- Оюутнууд 4 жил дээд боловсролтой болохын тулд 12-15 сая төгрөг зарцуулдаг. Энэ нь ихэвчлэн зээлдэг. Дунджаар 3-3,5 сая төгрөгийн сургалтын төлбөрийг ихэвчлэн арилжааны банкуудаас зээлдэг. Жил бүрийн намар 440-460 тэрбум төгрөгийн цалингийн зээл гардаг.
Их дээд сургуулиуд дээр тавих шаардлагыг өндөр болгох шаардлага байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 88 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс,
- 34 их сургууль
- 46 дээд сургууль
- 8 коллеж байна.
Засгийн газрын тогтоолоор 88 их, дээд сургууль нь 67 болж буурч байна. Өөрөөр хэлбэл, 21 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож байна. Мөн 24 их сургуульд зургаан сарын хугацаатай үүрэг өгч, цаашид шаардлага хангахгүй бол дахин үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно гэсэн үг.
Мөн 13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсож байгаа. Нийт 163 багш, 1,567 оюутантай. 40 хүрэхгүй оюутантай, подвальд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуультай байж болохгүй. Тиймээс энэ 13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож байна.
Нэг ч оюутны эрх ашгийг хөндөхгүй. Харин ч 1,500 гаруй оюутан нэр хүндтэй, эрэмбэ өндөртэй их, дээд сургуульд шилжин суралцах боломжийг бид олгож байна. 8 Их дээд сургуулийг бусад сургуулиудтай нэгтгэж байна.
Үйл ажиллагааг нь зогсоосон дээ сургуулиуд:
- Газарчин дээд сургууль
-Зүүн хүрээ коллеж
-Маргад дээд сургууль
-Монголын менежмент, технологийн дээд сургууль
-Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль
-Номэра дээд сургууль
-Рафлес ОУ-ын институтын УБ дахь салбар сургууль
-Түшээ дээд сургууль
-Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль
-Улаанбаатар эрдэм их сургуулийн харъяа Эко Ази дээд сургууот
-Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
-Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль
Найман их дээд сургуулийг бусад сургуультай нэгтгэж байна.
Дүрслэх урлагын академийг СУИС-тай нэгтгэж, Техник технологийн дээд сургуулийн харьяа, Монгол Коосэн Технологийн Коллежийг ШУТИС-тай нэгтгэж, Шинэ Монгол технологийн коллеж, ХАА-н харьяа Дархан-Уул аймаг дахь ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний харьяанд байсан агроэкологи бизнесийн сургуулийг буцаагаад ХААИС-ийн шууд харьяа болгож байна.
Худалдаа үйлдвэрийн их сургууль МУИС-ийн харьяа сургууль болж байна. Улаанбаатар их сургууль МУИС-ийн харьяа сургууль болж байна. Ховд их сургууль МУИС-ийн салбар сургууль болж байна. Дорнод их сургууль МУИС-ийн салбар сургууль болж байна.
Багш нарын хувьд өөрсдийнхөө ур чадвараар төрийн болон төрийн бус их дээд сургуулиуд дээр ажлаа хийгээд явах бололцоонууд байгаа.
Манай их, дээд сургуулиудын сул тал нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялддаггүй бодлого явуулдаг. Их, дээд сургууль төгссөн төгсөгчид маань ажилгүй болдог нийтлэг асуудал бий” гэсэн юм.