Бурхан будда нь хийсвэр бурхан шүтээн гэхээс илүүтэйгээр та бидэнтэй яг адилхан мах цуснаас бүрэлдсэн хүн байсан
Сонин Хачин
Арианы морьтонгууд (Aryan) Энэтхэг нутагт суурьшин ирж өөрсдийн шүтдэг нэлээд төвөгтэй бас өнгө будаг тод шашинг үүсгэсэн нь өнөөгийн Хиндү ажээ.
Санскрит хэлээр Ариан гэдэг нь цэвэр, ариун, элит хүмүүс гэдэг утга заах.
Нацистууд Ари үндэстэн гэж ярьдаг байсан нь нэг үгний үндсээс гаралтай бололтой.
Арианчуудаас хойш 1500 жилийн дараа Будда төржээ. Будда Samsara буюу Орчлонгийн хүрд, хойд нас, нирваан дүрийг олох, хүн дахин төрж болох эсэх тухай асуултыг өөрөөсөө асууж, хариулт нь Буддизм болж төгсөрсөн гэж хэлж болохоор.
Өдгөөгөөс 2600 орчим жилийн өмнө Энэтхэгийн зүүн хойд хэсгийн Хималайн нурууны энгэрт Сидхарта Гаутама төрсөн бөгөөд хожим гэгээрч Будда болжээ. Өөрөөр хэлбэл, хийсвэр бурхан шүтээн гэхээс илүүтэйгээр та бидэнтэй яг адилхан мах цуснаас бүрэлдсэн хүн байсан гэсэн үг.
Одоогийн Балба улсын хавьцаа байсан тэр үеийн Сакяа улсыг захирч байсан Судходана хаан 50 насандаа хатан Маяагаасаа хүү төрүүлсэн нь Будда байв. Будда 16 настайдаа Ёсодара гүнжтэй гэрлэж Рахула гэдэг хүү төрүүлжээ.
Ханхүү Будда 29 нас хүртлээ хааны ордны тансаг вакуумд эрхлэн амьдарч, орчлон, ахуй, энгийн амьдралаас тасарсан байв.
Бараа бологчидтойгоо ан хийж, гадуур зугаацаж яваад өвчтэй хүн, өндөр настай хүн, нас барсан хүн, гуйлга гуйж суугаа настай ядуу ламтай дарааллан тааралдаж хааны ордноос гадна ийм амьдрал байдгийг үзэж мэдрээд шоконд орсон байдаг.
Улмаар хүний шунал тачаал зовлон шаналалын эх сурвалж юм байна, хүний шунал нэгнээс нөгөөд халдварт өвчин мэт тархдаг, бас хязгааргүй, түүнийг гүйцэлдүүлэх ямар ч боломжгүй хэмээн ойлгожээ. Гэхдээ хүнийг энэ зовлонгоос ангижруулах арга зам байх ёстой, түүнийг би олох ёстой гээд нойр хулжсан тэрбээр шөнө дунд орноосоо босч шөнө дунд гэрээ, гэр бүлээ орхин одсон түүх байдаг.
Бурхны хутгийг олохоор шийдэн тансаг амьдрал, гэрээсээ дайжихдаа мань эр 29 настай байжээ.
Хүсэл тачаалаа хүлцэж гэгээрэхийн тулд 6 жил энэ тэрүүгээр тэнүүчлэн хэссэний эцэст энэ зорилгодоо хүрэх 2 аргыг сэцэн мэргэн хүнээс дуулав.
Эхнийх нь бясалгал.
Будда энэ техникийг тултал сурч таалсан боловч түүний хүсээд байсан гэгээрлийг авч ирсэнгүй.
Иймээс эдгээр хүмүүсийг орхин цааш явсаар нэлээд экстрим зан үйл хийдэг бүлэг ламтай таарчээ.
Тэр нь хүн аль болох өөрийн биеэсээ татгалзах тусам оюун санаагаа цэвэрлэж гэгээрэлд хүрэх тухай номлол.
Иймээс өлсөх ёстой.
Тэр лам нарын үгийг нь дагаж хүн үйлийг нь хийгээд Будда амиа алдах шахсан байдаг.
Хэрэв энэ номлол үнэн бол би биеэ хангалттай зовоож аль хэдийн гэгээрэх байсан.
Гэтэл тэгсэнгүй.
Үүнээс цааш би өөрийн биеэ зовоож тарчлаахгүй хэмээхэд өнөөх лам нар түүнийг орхин оджээ.
Тэдгээрийг явсны дараа инжир модны сүүдэрт суугаад цусны эргэлт маань зогсож хатах хүртэл, арьс, үс, яс маань цайрах хүртэл би энд гэгээрэх хүртлээ сууна хэмээн хатуу шийдсэн байдаг.
Улмаар 7 хоногийн дараа шунал тачаалаа таягдан хаяж гэгээрлийг олсон түүхтэй аж.
Үүний дараа өөрийг нь хаяж явсан лам нарын бүлгийг Ганга мөрөн хавьцаа олж уулзаад гэгээрэлд хүрэх зам бол хоёр туйл, хэт туйлшрахын тэнцвэрийг олох гэж айлджээ.
Тэр нь зугаа цэнгэл, эд агуурст хэт автахгүй байх, нөгөө талаасаа буян хурж гэгээрэх гээд өөрийгөө бас бусдыг зовоох ёсгүй ажээ.
Эндээс гэгээрэгчийн 8 зам буюу зөв ойлголт, хандлага, үг яриа, үйлдэл, үйл, зүтгэл, оюун бодол, төвлөрөл гэдэг сургаал үүсчээ.
Бас эдгээрийг билэгдэн заадаг зүйл нь эрдэнийн шүхэр, хос загас, бумба, бадам цэцэг, цагаан лавай, өлзий утас, ялалтын бадаан буюу жанцан, алтан хүрд бүхий Найман Тахил юм.
Будда зүгээр нэг хэлдэг биш бодит үйлдэл хийдэг хүн байжээ.
Иймээс Буддизмыг зүгээр нэг хоосон итгэл үнэмшил биш сайныг, сайхныг, зөвийг хийх үйлдэл буюу практик гэж үздэг ажээ.
Эндээс үйлийн үр буюу карма, самсара буюу амьдралыг тойрог, хойд төрөл гэдэг ойлголт хүчээ авчээ. Орчлонгийн хүрдийг зогсоож, нирваан дүрийг олж цаг хугацаа, орон зайн чинадыг давахын тулд лам болж гэгээрэх хэрэгтэй.
Хэрэв энэ нь танд боломжгүй бол зүгээр л ёс зүйтэй ажиллаж амьдрахад хангалттай гэнэ ээ.
Будда гэгээрлийг олсноос хойш 45 жилийн турш ном сургаалиа шавь нартаа айлтган аялан ажиллаж явсан бөгөөд 80 насандаа хоёр модны хооронд тэнгэрт хальсан түүхтэй.
Хэдүүлээ юу шүтэж, юунд сүсэглэж, юу хүсч байгаагаа яг мэдэж байна уу?
Буддагийн сургааль ёсоор уг нь хариулт нь их энгийн мэт байгаа биз?
Зөв байх!
Зөв байх тийм хэцүү гэж үү?
Буддизмыг үргэлжлүүлээд гүн ухаан талаас нь тоймтой, дараалалтай, цэгцтэй судлах л ёстой.
Улааны бас шарын, их хөлгөн, тарнийн, теравада бас бус дэд урсгал, тэдгээрийн ялгаа ба тэргүүнүүд, орчин цагийн төлөөллүүд ба тэдний хоорондын харилцаа, зөрчил бас нэгдэл, үүсэл хөгжил, түүх сорилтууд, хутагт хувилгаад, сахиус, шүтээн гээд бүгдийг нь сайтар мэдэж цэгцтэй ойлголт авах хэрэгтэй.
Хайрлан эрхэмлэх үнэ цэн, хүндлэх ёсон, шүтэх зүйлээ мэдэж ойлгож байж даган баясаж, үйлдэл хийвэл утгаараа өөртөө болон бусдад буян болох буй заа.
Эс бөгөөс даатгалын компаниас нөхөн төлбөр авч буй мэт нүгэл үйлдсэнийхээ дараа очиж буян үйлдэж мэт царайлаад байвал орчлонгийн хүрдийг зогсоох биш харин ч хурдлуулах байх.
Угаасаа мэдсээр байж нэг алдаагаа давтаж, мэдэрсээр байж дахин дахин нүгэл үйлдэж байвал тэр санамсаргүй тохиолдол биш тэр хүний сонголт болсон байдаг.
Бусдын ажил, амьдралыг там болгож байж нэг л их өөрсдөө тамаас айж, бурхан шашин шүтсэн хуурамч хүмүүс байж болохгүй.
Сэтгэгдлүүд