Трамп Олон улсын эрүүгийн шүүхэд хориг тавилаа
Улс Төр![](/files/67a5eca3a924c.jpeg)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Олон улсын эрүүгийн шүүхийг “Америкийн эсрэг болон гол холбоотон Израиль улсын эсрэг хууль бус, үндэслэлгүй үйл ажиллагаа явуулдаг учир” хориг тавих тухай хуулийн төсөлд гарын үсэг зуржээ. Хуульд мөн Америкийн иргэд болон Америкийн холбоотон орнуудын иргэдийг мөрдөн шалгахад оролцсон хүмүүс, тэдний ар гэрийнхэнд визийн болон санхүүгийн хориг тавих тухай заасан байна.
Олон улсын эрүүгийн шүүх Израилийн Ерөнхий сайд Биньямин Нэтаньяху болон “Хамас” бүлэглэлийн ерөнхий командлагчийг Газын зурваст дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн өнгөрсөн арваннэгдүгээр сард баривчлах шийдвэр гаргасан юм.
Олон улсын эрүүгийн шүүх 2002 онд буюу Югослав улсыг задарч, Руандын хядлага ил болсны дараахан дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах зорилготойгоор байгуулагджээ. Тус байгууллагыг үндэслэсэн Ромын тогтоомжид 120 гаруй улс нэгдсэн байдаг ч АНУ, Израилийн аль аль нь гишүүн биш юм.
Цагаан ордны албаныхан Иран зэрэг орнуудыг, мөн Израилийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг бүлэглэлүүдийг үл тоодог атлаа Америкийн эсрэг байр суурьтай, алагчилсан үзэл гаргадаг хэмээн тус байгууллагыг шүүмжилжээ. Трамп өмнөх засаглалынхаа үеэр Америкийн Зэвсэгт хүчин Афганистаны нутагт дайны гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаж байсан Олон улсын эрүүгийн шүүхийн хэд хэдэн ажилтан, албан хаагчид мөн хориг тогтоож байсан юм.