АНУ-ын тусгай элч Виткофф Путинтэй уулзжээ
Дэлхий
АНУ-ын тусгай элч Стив Виткофф Баасан гаригт Санкт-Петербургт хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ. Уулзалт дөрвөн цаг гаруй үргэлжилсэн бөгөөд "Украины дайны зохицуулалтын асуудлыг" голчлон ярилцсан байна. Ийнхүү Виткофф 2025 он гарсаар гурван удаа Путинтэй уулзав. Кремлийг төлөөлөн АНУ-тай харилцах болсон тусгай элч Кирилл Дмитриев энэ удаагийн уулзалтыг үр дүнтэй болсон гэж тодорхойлов.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос Путин, Трамп нар уулзах магадлалтай эсэхийг асуухад "Харж л байя. Виткофф юу авчирснаас л хамаарна даа" гэжээ.
Путинтэй хийх яриа хэлэлцээний явцад бухимдаж буйгаа Трамп Баасан гаригт цахим хаягаараа илэрхийлжээ. Тэрбээр "Орос хөдлөх ёстой. Аймшигтай, утгагүй дайны хөлд үрэгдэж, долоо хоногт бүр олон мянган хүн нас барж байна" гэв.
Түүнчлэн Украины асуудал хариуцсан АНУ-ын төлөөлөгч Кит Келлоггийн ярилцлага олны анхаарлыг татаад байна. Тэрбээр "Times" хэвлэлд ярилцлага өгөхдөө Их Британи, Францын цэргүүдийг оролцуулан Украины баруун хэсэгт хяналтын бүс байгуулахыг санал болгосон. Дараа нь Келлогг залруулга хийж, "Миний хэлсэн үгийг гуйвуулсан байна. Би гал зогсоосны дараа Украины бүрэн эрхт байдлыг дэмжих хүчний тухай ярьж байсан. Би Украиныг хуваах тухай яриагүй" гэжээ.