Д.АМАРБАЯСГАЛАН: Хуулийн шаардлага хангахгүй төслүүд өргөн барьчихаад “УИХ хэлэлцэхгүй байна” гэж ярьдагаа болих хэрэгтэй
Улс Төр
УИХ-ын чуулганаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр хэлэлцлээ.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Ухаа худагтай холбоотой асуудлыг хэлэлцээд 54 хонож байна. “Ухаа худаг”-ийн ордтой холбоотой тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад 31 хоног хонож байна. Энэ асуудлыг хэзээ хэлэлцэх бол Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хүлээж байна” гэв.
Түүний мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас сэтгүүлчид тодруулахад “О.Алтангэрэл сайд та одоо бүр амар болох нь. Хуулийн шаардлага хангахгүй төслүүд өргөн барьчихаад, “УИХ хэлэлцэхгүй байна” гэж хэвлэлд яриад зогсож байна. Би хатуу анхааруулж хэллээ шүү. Засгийн газар ажил хийх гэж байгаа гээд асуудлыг нь дэмжих гэж хичээх тусам асуудалд буруу зөрүү хандаж байна” гэлээ.