Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Надад ард түмэн минь л бий, би ард түмнийхээ талд бат зогсоно!
Улс Төр
Надад ард түмэн минь л бий, би ард түмнийхээ талд бат зогсоно!
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
1. Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш хууль тогтоох дээд байгууллагадаа хүндэтгэлтэй хандсаар ирсэн, та бүхэн мэдэж байгаа. Өөрийн биеэр зарим тодорхой бус асуудлуудад хариулт өгөхөөр орж ирлээ.
2. Хамтарсан Засгийн газрыг бүх талаар дэмжсэн, Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг энэ албанд ажилласан таван жилийн хугацаанд тултал дэмжиж ирлээ. Би нэг удаа Парламент дээр орж ирж, УИХ болон Засгийн газрын тухай буруу зөрүү ярьж байсангүй ээ. Ерөнхий сайдын зовлонг сайн мэднэ, энэ амархан ажил биш.
3. Олон жил энэ Ерөнхий сайдыг хүмүүжүүлж, сургаж, бэлтгэж, хамт ажиллаж, амьдарсан удирдагчийнхаа хувьд энд сууж байгаа хоёр даргыг хайрладаг, хүндэлдэг, өнөөдөр ч гэсэн хайрлаж байна, тиймээс хувь хүмүүсийн асуудлаар ярихгүй, зарчим яръя аа.
4. Хүн засаглахгүй ээ, хууль засаглана. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр би энэ үгийг хэлсэн. Энэ үгэндээ өнөөдрийг хүртэл үнэнч байгаа. Ямар хүн Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглалд шилжих ёстой гэж яриад байгааг ойлгохгүй байна. Би улс төрд ороод 35 жил болж байна, миний итгэл үнэмшил бол Парламентын засаглал. Тиймээс Парламентийн засаглалыг бэхжүүлэхийн төлөө улс төрийн бүх амьдралаа зориулж ирсэн.
5. Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлт байна, Парламент 126 гишүүнтэй болсон асуудал байна, энэ бүхнийг би дэмжсэн. Ерөнхийлөгч өөрийнхөө бүх эрхээс татгалзсан, та бүхэн мэдэж байгаа, бүх эрх мэдэл Ерөнхий сайдад шилжсэн. Би өөрөө үүнийг МАН-ын дарга, Ерөнхий сайд байхдаа хийсэн.
6. Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүх гишүүдийг өөрөө томилдог, огцруулдаг болсон, надад ямар ч оролцоо байхгүй. Би өөрийн мэдэлд байсан АТГ-ыг Ерөнхий сайдын мэдэлд шилжүүлсэн. Ерөнхийлөгчийн эрх мэдэлд АТГ-ыг байлгах нь шударга бус юм байна гэж үзэж, Гүйцэтгэх засаглалд өгсөн, энэ ажлыг би өөрөө хийсэн.
7. Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчийг бас томилдоггүй, Парламент томилдог болсон. Шүүхийн Ерөнхий зөвлөлд хэнийг томилох уу гэдгийг парламент, та бүхэн шийдээд Ерөнхийлөгчид мэдүүлнэ, нэг удаа буцааж болно, гэвч батлах эрх нь УИХ-д бий. Үүнийг бас би хийсэн.
8. Монгол Улсын Ерөнхийлөгчид ганцхан юм л бий, тэр нь ард түмэн. Надад ард түмэн минь л бий.
9. Би өнгөрсөн жилийн, 2024 оны 12 сард Үндсэн хуулийн 100 жилийн ойгоор намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Үндсэн хуульд дахин өөрчлөлт хийхгүй гэж мэдэгдсэн, энэ үг одоо ч хүчинтэй.
10. Манай ард түмний сонгосон сонголт бол Ардчилсан парламент. Энэ бол бидний үнэт зүйл, ардчиллын баталгаа бол парламент. Тийм учраас Парламентийн засаглалд үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн, Парламентийн засаглалыг байнга дэмжинэ.
11. Би дахин 6 жилээр Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй, тийм дабль стандарт байж болохгүй, энэ тухай би урд нь та бүхэнд хэлж байсан, одоо ч дахин хэлье.
12. Яагаад ард түмний толгой эргүүлээд, Парламентийн гишүүдийн анхаарлыг өөр тийш нь хандуулаад, ард түмнийг хагалаад, хариуцлагаас зугатах гээд байгаа юм бэ, би зарчим ярьж байна.
13. Би энэ хоёр даргад худлаа хэлүүзэй, хулгай хийвүүзэй, хуурч мэхлүүзэй гэж ах хүний хувьд, удирдагчийн хувьд захиж ирсэн, энэ захиасыг минь хөсөрдүүлэхгүй гэж одоо хүртэл найдаж байна. Тийм хүн чанаргүй, эр хүний жудаггүй ааш авир гаргахгүй гэж итгэж байна.
14. Баялгийн санг Ерөнхийлөгч санаачилсан юм аа, МАН-ын дарга, Ерөнхий сайд байхдаа 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр, эцэг хуульдаа Үндэсний баялгийн санг хуульчлан оруулсан, нөхөдтэйгээ хамт. Баялгийн сангийн хуультай болчихлоо, одоо зоригтой ажилла гэж та бүхэнд хэлж байсан, одоо ч хэлнэ.
15. Монголын газрын баялаг бол ард түмний өмч байх ёстой юм, энэ бол миний хүүхэд байхаас тогтсон үндсэн философи. Энэ газрын баялгийг чинь аль нэгэн компани бүтээчихээгүй юм, энэ чинь бурхны бүтээл. Тийм учраас ард түмэн тэнцүү хүртэх ёстой. Байгалийн баялгийг ямар нэгэн аргаар хулгайлж авсан этгээд буцааж өгөх ёстой, ард түмэн баялагтаа эзэн байх ёстой. Би 2018 онд Норвегийн баялгийн санг судлаад ир гэдэг үүрэг өгөөд, ЗГХЭГ-ын дарга Оюун-Эрдэнийг томилоод явуулж байлаа. Ингэж Баялгийн сан бий болсон, цаашдаа ч би энэ тал дээр хатуу байр суурьтай байна, энэ миний философи.
16. Сүүлийн 20 хоног харлаа, гудамж талбайд юу болж байгааг бүгд харж байна. Та нар энэ ард түмнээ сонсооч ээ, энэ олон зуун залуу талбай дээр гарч ирээд 20 хоног жагслаа.
17. Залуу үеийнхэн чинь гарч ирээд зарчимтай байх тухай, шударга байх тухай маш тодорхой шаардлага тавьж байхад яагаад үүнийг сонсоогүй юм шиг, хараагүй юм шиг, энэ залуусын шаардлагаас анги юм энэ танхимд яриад байна аа?
18. Асуудлаа тодорхой яриач, олон түмэн чинь 20 хоног хүлээлээ, бид бүгд мэдэж байгаа, ард түмний мандаттай ардчилсан Парламент ард түмнийхээ шаардлагын хариуг өгөх ёстой
19. Би амьдралдаа дөрвөн албан тушаалаас татгалзаж явлаа. МАН-ын генсекийн ажлыг сайн дураараа өгч явлаа, УИХ-ын гишүүний албаа сайн дураар өгч байлаа, Шадар сайдын албан тушаалаас сайн дураараа татгалзаж байлаа, Ерөнхий сайдын эрхэм өндөр албан тушаалаас хариуцлагагүй ажилтнаасаа болоод огцорч байлаа.
20. Энэ бүхний цаана ганц л юм бий, ард түмнийхээ хүсэл зоригийг нэгт тавьж чаддаг байх ёстой, алдаа гаргасан бол уучлалт гуйж чаддаг байх ёстой, ухрах цагтаа ухарч, урагшлах цагтаа урагшилдаг чадвартай байх ёстой. Өөрийн өчүүхэн албан тушаалаас бүү зүүгд, алдаа гаргасан бол алдаагаа өөрөө үүрч гардаг байх ёстой, үнэнээ хэлдэг байх ёстой. Ард түмний эв нэгдэл, нэгдмэл байдалд гай болж болохгүй.
21. Би Ерөнхийлөгчийн энэ өндөр сэнтийг гадныханд 50 сая воноор зарж байгаагүй, би таван нам дамжиж амьдраагүй, би намаа солиогүй, эхнэрээ солиогүй, нөхдөөсөө урваагүй, дээр нь би эх орондоо хайртай.
22. Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдсон хүн, ард түмнийхээ талд бат хатуу зогсоно шүү гэдгээ хэлье. Энэ олон зуун залуу өдөр шөнөгүй талбай дээр ирж, хүсэл зоригоо илэрхийлж, шударга ёсыг хүсэмжилж байгаа энэ зорилгыг хангахын төлөө явна. Би ард түмнээсээ хэзээ ч урвахгүй, ард түмнийхээ төлөө явна! 2025.06.02. Төрийн ордон.
иргэн 66.181.179.152 3 өдөр
Надад ард түмэн минь л бий, би ард түмнийхээ талд бат зогсоно! гэнээ хө. Яагаад чи монголын төрд үүрлэсэн хулгай, худал, авилгыг зогсоохгүй байгаа юм бэ? Яагаад чи монголчуудыг эрдмийг эрхэмлэх ухаанд, ажилсагт сургах төрийн бодлого явуулахгүй байгаа юм бэ? Яагаад чи ардын банкнаас хулгай хийсэн юм бэ? Чамд итгэхгүй байна.